Ээжүүдийн өөрийгөө хөгжүүлэх энгийн 5 арга

зөвлөмж Nov 03, 2021

Ээж болсноос хойш та хамгийн сүүлд хэзээ өөртөө цаг гаргасан бэ? Магадгүй та санахгүй байгаа байх. Эсвэл санаж байвал нэлээн олон сар, жилийн өмнөх байх. Учир нь гэвэл ээжүүд бид үргэлж үр хүүхэд, хань ижлээ өмнөө тавьж, тэднийхээ сайн сайхны төлөө өөрийн үнэт цагаа гэр бүлдээ бүрэн зориулж байдаг.


Ээжүүд, эмэгтэйчүүд байгалаасаа өөрийн эргэн тойрондоо байгаа хүмүүсээ асран хамгаалах, халамжлах хандлагатай, зарим талаар өөрийн үүрэг гэж ойлгодог. Үүнээсээ болж бид бусдыг халамжлах, өсгөхөд өөрийн цагийг зарцуулж харин өөрийгөө хөгжүүлэхээ бараг мартаж орхидог гэхэд болно. Эсрэгээр нь ээжүүд бид өөрийгөө хайрлах, өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцан сайжирч байх нь туйлын чухал ач холбогдолтой юм. Учир нь хүүхдүүд ааваасаа илүү ээжээсээ илүү ихийг суралцаж, ээжийнхээ үг үйлдлийг даган дуурайж, ээжийнхээ дэргэд хувь хүний төлөвшлөө олж авч байдаг. 

Иймээс ээжүүд, эхчүүд та бүхэндээ өөрийгөө богино хугацаанд үр дүнтэй хөгжүүлэх энгийн 5 аргыг санал болгож байна.


Өөрөө өөрийгөө болзоонд урь:

Шинэхэн гэрлэсэн хосуудад тогтмол романтик болзоо шаардлагатай байдаг шиг ээжүүдэд ч гэсэн өөрөө өөртөө зарцуулах цаг хугацаа шаардлагатай. Ээж хүний энгийн өдрүүд хэн нэгний хүсэлт, шаардлагуудыг гүйцэлдүүлэх жагсаалтаар дүүрэн өнгөрдөг. Өөртөө цаг гаргахын тулд хүн бүр, гэр бүлийн гишүүн бүр мэддэг ээжийн өдөртэй болох хэрэгтэй. Харин энэ өдрийг та зөвхөн өөртөө буюу гэр бүлийн гишүүнгүйгээр цагийг өөртөө зориулж дуртай зүйлдээ буюу фитнес, бассейнд явах, ойр дотнын найз нөхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх эвсэл ямар нэг чимээгүй газарт очиж ном, сурах бичиг унших зэргээр өнгөрүүлж болно. Хамгийн гол нь энэ өдрийг таны гэр бүлийн бүх хүмүүс мэдэж, хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.

 Төлөвлөгөө түрүүлж гаргаж, түүндээ хүрэхэд бусдыг оролцуул

Ихэнх ээжүүд өөрсдийгөө супер ээж байлгахыг хүсдэг. Өглөө хүүхдээ хүргэж өгөөд, өдөр гэрийн хүнсээ цуглуулаад, хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд, орой нь гэрийн даалгаврыг нь хийлгэх гэх мэт бүхий л зүйлүүдийг өөрөө хийх гэж хичээдэг. Энэ тохиолдолд бүх зүйлүүдийг овоолж, өөрөө тэдгээрийг хийж гүйцэтгэх дээр илүү төвлөрдөг. Харин үүний оронд гэрийн ажлуудыг нийт гэр бүлийн гишүүдийн ажил гэж үзэн, ажлуудаа жагсааж, өдөр бүрээр нь төлөвлөж, хүн бүрд тохирсон ажлуудыг оноож өгөх нь илүү тохиромжтой. Ажлуудаа урьдчилан төлөвлөснөөр та шаардлагагүй зүйлд сресс бухимдал гаргахгүй, илүү амар амгалан байж, өөртөө зориулах цагтай болно.

Өөртөө зориулсан амжилтын тунхаглалтай болох
:

Хүний амьдрал эрээнтэй бараантай, ээжийн өдрүүд хүүхдийн чимээ, шуугиан, инээд хөөр, гутрал гунигаар дүүрэн. Заримдаа бидэнд бүх зүйлийг орхиод явчихмаар өдрүүд бишгүй тохиолддог. Эдгээр өдрүүдэд өөрийн сэтгэл санаагаа амар амгалан байлгах, өөртөө итгэл, урам зориг өгч байхын тул өөртөө зориулан бичсэн амжилтын тунхаглал болон өөрийн хүрэх зорилгоо бичиж буулгасан сануулах цаас байх хэрэгтэй. Энэхүү тунхаглалаа өөрт харагдах 2 байршилд байршуулж жишээ нь ариун цэврийн өрөө, компьютер эсвэл өөрийн машиндаа байршуулж өдөр бүр харан уншиж байх нь ээж хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг.

 Өөрийн ажлуудаа өдөр тутмын гэрийн ажилтайгаа уялдуулах

Муйхраар бус ухаалгаар ажиллах, энэ үг ээжүүд бидний өдөр тутмын ажилд ч хамааралтай. Тиймээс та өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөгөө өөрийн гэр бүлийн ажлуудтайгаа уялдуулах буюу зөвхөн өөрөө хийх бус ажлуудаа хуваарилж, хүүхдүүддээ ажлуудыг нь даалгаж өгөх нь зүйтэй.

Энэ танд цаг, боломж өгөхөөс гадна тэднийг багаас нь илүү хариуцлагатай, бие даасан хүн болгож өсөхөд нь тус болдог. Мөн та хүүхдүүдээ тодорхой цагтай сургалт, секцэд явуулж харин тэр хугацаанд нь өөрийгөө хөгжүүлэх сургалтад давхар бүртгүүлж болно. Та хэрэв дасгал, иог хийх хүсэлтэй байгаа бол гэр бүлээрээ түүнд цаг зарцуулж бөөндөө мөн хийснээр өөрийгөө хөгжүүлэх цагийг гаргаж чадна.

 Хувь хүнийхээ зорилгыг гаргаж түүндээ хүрэх цаг хугацааг тодорхой болгож өгөх

Зөвхөн та л өөрийн юу хүсэж байгаа мэднэ, магадгүй тэр зүйлээ хэсэг хугацаанд мартсан ч байж мэднэ. Тиймээс та хэсэг хугацааг өөртөө зарцуул, өөрийгөө илүү таньж мэдсэнээр өөрийн үнэхээр хүсэж, тэмүүлж, хүрэх зорилгоо гаргаж чадна. Зорилгодоо хүрэхэд бодитой төлөвлөгөө, хугацаа байх шаардлагатай. Мөн хамгийн чухал нь тухайн зорилгодоо хүрэхэд таны гэр бүл танд туслах шаардлагатай, өмнөх зөвлөгөөнүүдээ ашиглан ажлуудаа гэр бүлийн гишүүддээ хуваарилж өгссөнөөр та зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.

Эцэст нь хэлэхэд бид өөрийгөө хөгжүүлэхэд өөрсдөө л анхаарахгүй бол хөгжихгүй. Тиймээс үр хүүхдээ хайрлаж, өсгөхөөс гадна та өөрийгөө хайрлаж өөрийгөө өсөж дэвжихэд ухаалгаар цаг зарцуулах шаардлагатай.

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.