ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ’ номын тойм ба өөр дээрээ туршсан хэд хоног

Номын зохиолч Хэл Элрод 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бизнес нь дампуурч, өрөнд орж, сэтгэлээр унаж, нэг үгээр тартагтаа тулж явах үедээ “Таны амжилтын хэр хэмжээ таны хувь хүний хөгжлийн хэр хэмжээтэй тэнцүү” гэсэн утгатай үгийг сонсчээ. Энэ үгийг сонсоод гэнэт л гэгээрэх шиг болсон гэнэ. Өөрийгөө хувь хүнийхээ хувьд хүссэн амжилт бүтээлээ бий болгох, тогтвортой хэмжээнд барих хэмжээнд хөгжөөгүй гэдгээ ухаарсан тэрбээр 1-10 хүртэлх тоогоор хэмжвэл сайндаа 3-4 дээр явж байна гэдгээ мэджээ.

Хүн бүр л эрүүл мэнд, аз жаргал, мөнгө сөнхүү, харилцаа холбоо, ажил төрөлдөө 10 оноо авахыг хүсдэг боловч бидний хувь хүний хөгжил өөрөөр хэлвэл мэдлэг, туршлага, харах өнцөг, итгэл үнэмшил тэр хүссэн оноотой дүйцэх хэмжээнд байж чаддаггүй. Хэрвээ амжилт, сэтгэл ханамж, биелэлт гээд амьдарлынхаа чухал үзүүлэлтүүдийг 1-10 хүртэл хэмжвэл эрүүл мэнд дээр 7 байхад болно, хайр дурлал дээр 5 байхад л хангалттай, санхүүгийн хувьд ч 6 байхад болно доо гэж бодох хүнтэй таарах болов уу?
Гэвч энэ дэлхийд мөрөөдлийн амьдралдаа дөхөж очдог хүн цөөхөн бөгөөд олонх нь хэр тааруу амьдралдаа дасан зохицож, идэвхи санаачлагагүй, урсгалаар амьдардаг. Ерөнхийдөө хүмүүсийн 5% санасандаа хүрч аз жаргалтай амьдардаг бол үлдсэн 95 % нь дундаж болон тааруу амьдралаар амьдарсаар дуусч байна гэсэн ерөнхий тооцоо ч энэ номд дурдагджээ.

Бүх нөөц бололцоогоо ашиглаж амжилтанд хүрэхийн тулд тэгвэл юу хийх хэрэгтэй вэ?

Өдөр бүр тодорхой цаг хугацааг зарцуулж өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал алхам юм гэдгийг зохиолч ухаарчээ. Хүссэн амьдарлаа бий болгох чадвартай нэгэн байхын төлөө чармайхгүй бол амжилт гэдэг зүүд зэрэглээ хэвээр байсаар энэ нас дуусах нь тодорхой.
Зохиолч маань маш завгүй ажиллаж, урдах төлбөр, урсгал зардлаа арайхийн барагдуулахын төлөө амь зууж байхад хааанаас энэ цагийг гаргаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэж бодоход огт боломжгүй санагдаж байснаа дурсчээ.
Оройн цагаар хийдэг юм билүү? Гэвч сүйт бүсгүйтэйгээ хамт байх цорын ганц боломжит цаг. Бас ядарсан үедээ анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бэрх.
Үдээс хойш яадаг бол?
Үдийн цайны цагаар ч юмуу завсар зай гаргаж болох юм. Гэхдээ өдрийн цаг яах ийхийн зуургүй урсаад өнгөрчихдөг тул энэ талаар бодоход бас л худлаа санагдав.
За, ёстой өглөө л биш шүү.
Зохиолч маань эртэч хүн биш, эрт босохыг үзэн яддаг хүн байжээ. Гэтэл түүнд үнэндээ өөр тохиромжтой цаг бодоод бодоод байсангүй.
“Өдрийг эхлүүлэх эхний цаг нь тухайн өдрийн чиглүүлэгч болж өгдөг” гэдэг үг түүнд том түлхэц болжээ. Гэхдээ өглөө угаасаа 6 цагт арайхийж босдог түүнд 5 цагт босно гэдэг маш хүнд даваа байв. Шантармаар санагдаж, бууж өгөхийн даваан дээр нэг хүний хэлсэн “Хэрвээ амьдарлаа өөрөөр байлгахыг хүсвэл эхлээд ямар нэгэн өөр зүйл хийхэд бэлэн бай” гэдэг үгийг уншжээ.
Зохиолч маань ухаантай улсаас зогсолтгүй суралцаж байдаг сайхан чанартай нь номын бараг үг өгүүлбэр бүрээс үнэртэнэ.

Зохиолч өгүүлэх нь:

Ингээд эрт босч өөрийгөө хөгжүүлэхээр зориг шулуудав. Хувь хүний хөгжилд үр дүнтэй гэж бодогдсон олон зүйлсийг тунгаан бодож, жагсаан бичсэн боловч ганц цаг дотроо амжуулж хийх хамгийн чухалд тооцогдох 6 зүйл шүүгдэж үлдэв.

S.A.V.E.R.S.
Silence (Чимээгүйн дунд бясалгах)
Affirmation (Өөрийгөө урамшуулан зоригжуулах)
Visualisation (Ямар амжилтанд хүрэхийг хүсч буйгаа дүрслэн бодох)
Exercise (Биеийн тамирын дасгал хийх)
Read (Унших, суралцах)
Scribe (Бичиж тэмдэглэх)

(Эдгээр дадлыг тус бүр 10 минут хийвэл сайн. Ямар ч дараалалтай байсан болно.)

Энэ жагсаалтаа бэлдээд унтсаны маргааш өглөө нь маш баяр тэмүүлэлтэйгээр яг л өвлийн өвгөний бэлгийг хүлээж байсан хүүхэд шиг годхийн босвой.

10 минут бясалгаж амьсгалаа хуваарилж суухад бие хөнгөрч амар амгаланг мэдрэв.
Эхлүүлчихээд, уншиж дуусгаж амжихгүй байсан номоо уншаад, тэр номноос асар их ухаарал, урам зориг авсан билээ.
Өөрийгөө зоригжуулж, хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлага болоод амьдралаа өөрчлөхөд шаардлагатай зүйлсийг бичив.
Мөрөөдлийн самбараа буулгаж ирж харахад зориг хүчин цугларах мэт мэдрэмж төрж байлаа.
Амьдралдаа талархдаг зүйлсээ бичиж суухад сэтгэл дэхь дарамт арилаагүй ч хөнгөрөх шиг санагдлаа.
Гар дээрээ суниаж, гэдэсний таталт бас ёогийн хэдэн дасгал хийсний дараа бие минь эрч хүчээр дүүрлээ. Ямар сайхан өглөө вэ? Гэтэл энэ чинь дөнгөж өглөөний 6 цаг шүү дээ.
Энэ маягаар бүтэн 7 хоног эрт босоход гарч байгаа өөрчлөлт, төрж байгаа мэдрэмж маань надад улам ихийг хийх сэдэл төрүүлсэн билээ.

Эрт босч эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дараа гэхэд түүний бизнес хямралаас өмнө үеийнх шиг хэвэндээ очиж орлого ашиг нь урьд хожидоосоо илүү нэмэгджээ.

Өглөөний дэглэмээ өөрчлөх нь бүхий л амьдарлаа өөрчлөх хөшүүрэг гэдгийг төвөггүй ойлголоо.

Өглөө хэрхэн сэрэх болоод өглөөний дэглэмтэй бас дэглэмгүй байх нь амьдралдаа амжилт гаргах, эсвэл гаргахгүй байхад үлэмж нөлөөтэй байдаг. Зорилготой, бүтээмжтэй, амжилттай өглөө нь зорилготой, бүтээмжтэй, амжилттай өдрийг бүтээдэг. Үүнтэй адилаар зорилгогүй, бүтээмжгүй өглөө зорилгогүй, бүтээмжгүй, амжилтгүй өдөр болон хувирч эцэст нь хэр тааруу амьдарлыг бий болгодог.

Алив дадал зуршлыг 30 өдөр хэрэгжүүлэхэд өөрийн болж хэвшдэг тул 30 өдөр бууж өгөлгүй дагаарай гэсэн байна.

Өөрийн бий болгосон энэхүү дадал зуршлынхаа тухай найз нөхөд, хамтрагчиддаа сонирхуулж ярихад тэдний олонх нь хэрэгжүүлж тэдгээр нь цаашаа ам дамжуулан ярьж нэг мэдэхэд нийтийг хамарсан хөдөлгөөн маягийн юм болж энэ номыг бичих сэдлийг төрүүлсэн гэнэ. Энэ ном нь асар өндөр амжилтыг дагуулж, олон улсын bestseller болж, түүнээс улбаалж зохиогчийн бизнес болон карьерийг улам өндөрт гаргажээ. Мянга мянган хүн өглөөний гайхамшгаар донтож, шинийг эрэлхийлэн сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж, амар амгалан, сэтгэл ханамж, эрүүл, гоолиг бие бялдар, хөрөнгө санхүү, бизнесийн амжилт гэх мэтийг бүтээж байгааг уншихад сэтгэл хөдлөм байлаа.

Маш олон уншигчид, алдартай номын зохиолчид, бизнемэнүүд, амжилттай яваа хүмүүс энэ номыг уншихыг зөвлөсөн байна.

Хувь хүний харах өнцгийг өөрчлөх ном хаа нэг таардаг бол амьдрах хэв маягийг өөрчлөх ном маш ховор тохиодог. Харин өглөөний гайхамшиг энэ бүхнийг маш богино хугацаанд бие болгоно.
Тим Сандерс

Би үргэлж нэг доллар илүү олж чадна. Харин илүү нэг өдрийг ч бүтээж чадахгүй. Хэрвээ амьдарлын бүх өдрийг тултал нь ашиглая гэвэл “ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШГИЙГ” уншаарай.
Роберт Киёосаки

Өөр дээрээ туршсан нь

Уншиж эхэлж байхад л туршаад үзэхэд юу нь буруу байх билээ гэж бодогдлоо. Миний хувьд уг нь эрт харанхуйд бас хүйтэн байхад босно гэдэг хамгийн хүнд хэцүү явдлуудын тэргүүн эгнээнд жагсдаг зүйл. Өглөө 7.00 д дугардаг сэрүүлэгийг хойшлуулсаар байж арайхийн 7.20-д босдог хүн.

Эхний өглөө 6 цагт сэрүүлэг дугарахад унтраагаад жаахан хэвтмээр байсан ч нөгөө залхуу бүтэлгүй 95%-д орохгүйн тулд босч хувцаслав. Номон дээр зөвлөсний дагуу орны хажууд тавьсан хүйтэн усыг залгилав. Гадаа ч гэрт ч харанхуй, гэр дотор ч хүйтэн байлаа. Биеийн тамирын хувцсаа өмсөөд, зузаан халаат дээрээс нь давхарлаад унтлагын өрөөнөөс сэмхэн гарлаа.

Зочны өрөөнд орж YouTube-ээс 10 минутын дасгал дуурайж хийв. Удаан хойш тавьсан бичиг цаас хөглөж байсныг цэгцлэв. Өглөөний гайхамшиг номоо уншив. Бас 15 минутын амьсгалын дасгал хийсний дараа аудио ном сонсонгоо пүүзээ сойздон угааваа гэж. Халтайчихаад л яваад байсан юм. 7.20 болоход би маш их юм амжуулсан, бас эрч хүчтэй болсон мэдрэмжтэйгээр өдрийг угтлаа.
Хүүхдээ сургуульд нь явуулаад 8 цагт гарч гүйхэд бие хөнгөн, нэг л өөр мэдрэмжтэй сайхан байлаа. Уг нь ихэнхдээ хамаг бие хөшөөтэй эсвэл яайрах гэж байгаа мэт юм мэдрэмжтэйгээр аргагүйн эрхэнд гүйж заримдаа шогшиж заримдаа алхсаар ирдэг байсан бол энэ удаад зогсолтгүй гүйлээ. YouTube-ийн 10 минутын дасгал сайн нөлөөлж биеийн хөшөөг гаргасан юм байж дээ дээ гэж бодов, хэ хэ.
Маргааш өглөө нь 5.45-д бослоо. Бодож эргэлзэх юм ч байсангүй. Гэтэл нөхөр маань дагаад босчихлоо. Энэ насандаа намайг амин чухал ажилгүй мөртлөө ингэж эрт босч байхыг үзээгүй болохоор гайхсан ч байх, миний яриад байсан өглөөний гайхамшиг жигтэй, ид шидтэй санагдсан болтой. Мань хүн гүйхээр гарлаа. Уг нь алдаг оног ингэж гарч гүйдэг ч , сүүлийн үед больчихоод байсан юм. Биенд нь л хэрэгтэй, гүйж байвал, аштай юу. Би ч амьсгалын дасгалаа хийж, номоо уншаад, youtube- ээс ёогийн дасгал л хийх гэж байсан хүн үргэлжлүүлээд нүүрний ёог, сүүлдээ нүүрний массаж хүртэл хийв. Өвлийн хувцас, ороолт бээлий цэгцэлж, заримыг нь далд хийлээ. Үүдэнд овоороод байсан юмс эмх цэгцтэй сайхан. 7 цаг гэхэд зөндөө юм амжуулчихсан хүн инээмсэглэл тодруулсаар нөхөртэйгөө кофее ууж сууваа гэж.
Маргааш өглөө нь бүр эрт босоход бие хөнгөн, бас өөрийгөө ялсан баярт мэдрэмж төрөх нь сайхан.
Сургууль каринтилсан байхад харин хүүхэд маань дагаж эрт босчихоод чимээгүйд бясалгах гэсэн надаар ном уншуулж, бас хоол унд нэхэх нь жаахан тиймхэн, хэ хэ. Гэхдээ ингэж төвөггүй эрт босч сурч байгаа нь авууштай хэрэг бөгөөд хамтдаа ном уншиж байгаа нь харин ч сайхан хэрэг билээ. Каринтин ч миний яс чанарыг бас шалгаж байна даа. Өглөө эрт босох шаардлагагүй юм чинь унтчихвал яасан юм гэх адын бодол ганц нэг шивнэснийг энд нуух юун.

Өглөөг үр бүтээлтэй өнгөрүүлсэн хүн өдөржин үр бүтээлтэй байж, шинийг эрэлхийлж байгааг өөр дээрээ мэдэрлээ. Нөхөр маань ч бас тасралтгүй хамт өглөө босч биеийн тамирын дасгал хийж байгааг дурдах хэрэгтэй.

Энэ мэтчилэн эртлэн босч өөртөө их юм амжуулсаар 7 хоног болохдоо олон хүн Өглөөний Гайхамшиг-ийг мэдрээсэй гэсэн бодол төрж, номын тойм яаран бичиж буй минь энээ.
Өнгөрсөн хэд хоногийг үнэхээр сэтгэл ханамжтай өнгөөрлөө.
Амралтын өдрүүдээр үд хүртэл унтаж, үхрийн дуугаар сэрдэг Дээгий 4.45-д босчихсоон номын тойм бичээд сууж байвал яах уу?
Амьдралд ид шид гэж байдагт итгэдэг бол, ид шид өөрт тань тохиолдоосой гэж бодож байгаа бол өглөө эртхэн босоод үзээрэй. Нөгөө 6 дадлаас (S.A.V.E.R.S) ганц хёроос нь ч болсон хийгээд үзээрэй.

Хүндэтгэсэн,

Дээгий

copy from Degi Chadraabal

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.